Түгжээтэй Хаалга

Sanjka Mandakh
2 min readDec 8, 2019

--

Би түгжээтэй хаалганд дуртай. Түгжээтэй хаалганы цаана яруу найраг, аялгуу, гайхамшиг амилж байдаг. Та хаалгыг түгжээгүйгээр төсөөлж чадахуу? Хэрвээ хаалганд түгжээ байхгүй хууль гарвал галзуурах хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх бол.

Завгүй өдөр хоногууд өнгөрсөөр. Байнга завгүй явсаар байгаад өөртэйгөө байх цагаа мартчихсанаа гэнэт ойлгов. Амралтын өдрүүдээр ямар нэгэн газар луу аялах, найзуудтайгаа уулзах, ажилын өдрүүдээр ажил гэж гүйсээр өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрч байхыг анзаарлаа. Хүн ингэж өөрийн мэдэлгүй явж байгаад л хөгширчихдөг байхдаа…

Өнөөдөр гэнэт өөртэйгөө цагийг өнгөрүүлэх хэрэгтэйгаа ухаарав. Тэгэхээр энд юу хийснээ бичие. Хэн нэгэнд санаа өгөх ч юм билүү хэхэ. Эхлээд утасаа Airplane mode дээр нь тавиад, сошил медиа орохгүйгээр бүтэн өдрийг өөртөө зориулахыг хичээлээ. Өөртөө цаг гаргаж байх үедээ анхаарал сатааруулдаг зүйлсээ өөр өрөөнд ч юмуу тавиад, өөрт таалагдсан орчинг бүрдүүлэх нь их чухал.

Доор өөрийн хийсэн болон хийдэг зүйлсээ жагсаан бичлээ.

  1. Тэмдэглэл хөтлөх (толгойд орж ирсэн бүх зүйлсийг бичих, аз жаргалтай байсан мөчүүд, стрессдүүлж байгаа зүйлс түүний учир шалтгаан гэх мэт. Сайхан уйлмаар санагдсан үедээ уйлчихдаг.)
  2. Сурсан зүйлсээ бичих (Ойрын хугацаанд сурсан зүйлсээ, АХА моментуудаа бичих.)
  3. Төлөвлөгөө гаргах (Төлөвлөгөө, төлөвлөгөө, төлөвлөгөө… их чухал зүйл шүү, ЯАЖ төлөвлөгөө гаргах вэ гэвэл урт хугацаанаас эхлүүлээд цагийг ухраах маягаар өнөөдрийг хүртэл бичдэг. Төлөвлөгөө гаргах маш олон аргууд байдаг ч гэсэн хамгийн гол нь тодорхой хугацаа болон түүндээ хүрэх арга замаа зааж өгөх нь чухал. Жишээ нь: Би 2021 оны 5 сард бакалаврынхаа зэргийг Америкын их сургуульд 3.5 с дээш голчтой, дадлага хийсэн туршлагатайгаар дуусгана.)
  4. Байгальд алхах, гүйх (Байгальд ганцаараа алхаж байх үед толгойд олон шинэ санаанууд орж ирдэг мөн тайвшраад амьдарч байгаадаа талархдаг.)
  5. Шинэ зүйл сурах (Хэзээ хамгийн сүүлд ямар нэгэн зүйл рүү гүнзгий орж судалсан бэ? Ямар нэгэн зүйлийг гүнзгий судлахад анхаарал зөвхөн түүн дээр төвлөрч тайвшралыг өгч байдагийг эрдэмтэд тогтоосон байдаг.)
  6. Шинэ хоббитой болох (Ямар нэгэн шинэ хоббитой болон түүндээ дурлах.)

Мөн өөртөө гаргаж буй цагтаа өөрөөсөө асуух асуултууд:

  1. Би аз жаргалтай байна уу?
  2. Би зөв зүйл хийж байна уу?
  3. Би хөгжин дэвжиж байна уу эсвэл нэг байрандаа л байсаар байна уу?
  4. Би зөв сонголтуудыг хийж байна уу?
  5. Би өөрийнхөө тухай юуг мэдэж авав?
  6. Би ойрын хугацаанд, мөн урт хугацаанд юу хийх хэрэгтэй вэ?

Мэдээж хэрэг өөртөө гаргаж буй цаг учираас гэр бүлийн харилцаа болон бусад харилцааны тухай оруулсангүй.

Хаалгаа түгжчихээд өрөөндөө ганцаараа бичиж, уншиж суух хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Ийм хүмүүсийг битгий эмо гэж бодоорой. Зөвхөн интроверт ч биш хамгийн экстроверт хүнд ч ганцаараа байх цаг хэрэгтэй.

--

--

No responses yet