Эрх Чөлөөтэй Огтлолцох

Sanjka Mandakh
2 min readOct 6, 2019

--

Нийгмийн түвшинд ямар ч улсд эрх чөлөө байхгүй. Хамгийн эрх чөлөөтэй гэгдэх Америк оронд ч дуртай газраа майхан бариад хонох эрх чөлөөгүй. Хүн нийгмийн амьтан учир нийгмийнхээ хууль дүрэм, нормонд захирагдах ёстой. Хязгаарлагдал, баригдмал зүйлээс харшилтай хүн бол галзуурахаар нийгэмд яаж ийгээд дасан зохицохоос өөр ямар ч аргагүй.

Гэхдээ ганцхан газар л эрх чөлөө байдаг. Бидний тархи, оюун бодол. Зөвхөн хүн л эрх чөлөөтэйгөөр сэтгэж, мөрөөдөж дүрслэн боддог учираас эрх чөлөөг урлаг, яруу найраг, хөгжим, оюуны бүтээлээс мэдэрдэг байх.

Сургуулиа төгссөнөөс хойш арван сарын хугацаанд таван өөр газар, дөрвөн хотод амьдарч, дөрвөн газар ажил хийсэн минь надад өөрчлтөлт гэх зүйлтэй дасан зохицохыг тулгасан. Минимал амьдралыг сонгоод хоёр жил орчим болсон учир нүүж суухад ч ямар нэгэн асуудал гарсангүй. Манай өмнөх ажлын газарын нэг залуу намайг нэг чимоданаа чирээд, үүргэвчээ үүрээд Чигаго-гоос Даллас-д нүүж ирсэн гэхэд нүд нь орой дээрээ гарахаа шахсан. Дундаж Америк тэр залуу гаражин дотороо дөрвөн машинтай болохоор гайхах нь аргагүй. Ажлаа солин, шинэ хүмүүстэй танилцаж ажлын хамт олоноо хэд хэд солих нь хэцүү байсан ч ямар нэгэн байдлаар намайг сорьж, сул талаа мэдэхэд их болсон. Энэхүү өөрчлөлтүүд нь надад дараахь зүйлсийг заасан:

  1. Ямар ч өөрчлөлтийн эхний хорин хоногийг л даваад гарах юм бол сэтгэл санааны хувьд, амьдралын хэв маягийн хувьд бүх зүйл эргээд байрандаа ордог.
  2. Минимал амьдралын хэв маяг, сэтгэлгээтэй байх нь өөрчлөлтүүдэд хурдан хугацаанд дасан зохицоход тусалдаг.
  3. Өөрчлөлтийг зүгээр л ажигла.
  4. Томоохон өөрчлөлтүүдийн дараа ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд өсөн дэвжсэн байдаг.

Өөрчлөлт бидний өдөр тутам хийдэг зүйлсээс илүү зүйлийг шаардаж, биднийг сорьж байдаг хэдий ч тэр үед бид тэмцэж, хөдөлмөрлөж, сонголт хийж, өөрийнхөө тухай үнэнийг олж нээдэг.

Хорин нас, гучин насны эрч хүч эргэж ирэхгүй, хүн болон төрсөн төөрөг тавилан ч мөн иргэж ирэхгүй. Эргэж ирсэн ч бид санахгүй байх. Цаг хугацааг хэрэггүй зүйлд ганцхан газраа тэр жижигхэн дөрвөлжин ханан дундаа хоригдол мэт битгий өнгөрүүлээрэй. Өнөөдөр өчигдөртэй, өчигдөр нэг сарын өмнөхтэй адилхан, юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдаж байгаа бол ямар нэгэн зүйл болохгүй байна. Ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй байна. Залуу хүний гаргаж болох хамгийн том харуусал бол нэг газраа удаан хугацаанд шавар мэт байх. Аяллын тухай бичлэг үзэн гэрээсээ гарахгүй өдөр хоногийг өнгөрөөх нь чихрийг цааснаас нь гарган идэлгүйгээр гадан талаас нь харж шүлсээ гоожуулан суухтай адил. Хэрвээ тэр чихрийг онгойлгоод идсэн бол хичнээн сайхан байхсан. Сайхан амьдрахыг хүсч байгаа хүн зүгээр суугаад сайхан амьдрал ирнэ гэдэгт итгэх нь ч адилхан ойлголт. Залуу насанд хязгааргүйгээр сэтгэж, алдаа хийх нь өөрөө эрх чөлөө.

--

--

No responses yet