Эхлэл цэг…
Америкад ирээд сурсан хамгийн анхны хичээл
Бага байхдаа яагаад ч юм “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэх үгийг тогтоож авсан минь одоо бодоход надад олон талаар тусалсан. Тухайн үед үгнийх нь цаад утгыг сайтар ухааралгүй явсан ч ойрын хугацаанд зах зухаас нь багахан ч болтугай ойлгож байна.
Өөрийн “comfort zone” буюу тав тухтай орчноосоо гарах яагаад чухал вэ?
Амьдрал хүн бүрийг ямар нэгэн байдлаар өөрийн тав тухтай орчноосоо гарахыг шаарддаг. Түүнд хэрхэн яаж хариу үйлдэл үзүүлэхээс таны юм сурах үйл явц харагдана. Хажуу айлынхаа хөрштэй эхэлж мэндлэх, танихгүй хүнтэй яриа өрнүүлэх, хэзээ ч очиж үзээгүй, хэнийг ч танихгүй газар амьдрах, хийж байгаагүй зүйлээ хийж үзэх зэрэг бүгдээрээ л танаас тодорхой хэмжээгээр тав тухтай орчноосоо гарах зориг шаардана.
Хэзээ ч амьдарч үзээгүй газар амьдрах, соёлын ялгаатай хүмүүстэй хамт байх нь хүнд олон зүйлийг ойлгуулдаг.
АНУ-д сурахаар ирсний дараа надад мэдэхгүй зүйл их гарч, сорилтуудтай тулгаран соёлын ялгаанд орж, өөрийгөө ямар жижигхэн, миний мэдэх зүйл ямар бага вэ гэдгийг ойлгон амаа хааж чихээ нээх эрдэмийг өөртөө төлөвшүүлж эхлэв. Энэ нь бусдыг сонсох, сонссондоо дүгнэлт хийх буюу critical thinking чадвараа сайжруулахад маш том түлхэц болж өгсөн. Тухайн үед суралцах зүйл их байсан учир — “Аан би чинь өөрийн мэдэх зүйлдээ даруу байж аливаад сониуч зангаар хандан, бусдаас суралцах хэрэгтэй юм байна шүү” — гэж өөртөө байнга сануулдаг болов. Зарим хүмүүс хариулахын тулд сонсдог бол зарим хүмүүс зүгээр л сонсоод мартчихдаг. Харин ойлгохын тулд сонсдог хүмүүс их ховор ба тийм хүмүүсийг би хувьдаа их хүндэлдэг.
Өнгөрсөн хугацаанд эрдэм мэдлэгээр дүүрэн мөртлөө даруу төлөв хүмүүстэй учирч тэднээс суралцах боломж их гарсанд баярладаг. Тэдгээр хүмүүсээс шууд асуулт асууж ямар нэгэн юмыг суралцах гэж оролддог нь надад олон зүйлийн үүд хаалгыг нээж өгсөн байх.
Эдгээр хүмүүсийн нэг бол манай сургуулийн бизнес тэнхимийн багш. Тэр багштай эхэлсэн түүх минь хачирхалтай. Сургуульдаа ирчхээд анхны семестрээ багшийн хичээлд суугаад тэр өдрөө л шууд хуваариасаа хасуулав (Америкийн их сургуулиуд хичээлийн хувиараа сонгох эрхийг сурагч нартаа өгдөг ба хоёр долоо хоног хичээлдээ суугаад таалагдахгүй бол хуваариасаа хасуулж болдог). Сүүлд сонсохнээ тэр багш маань манай тэнхимийн хамгийн хатуу, хамгийн их хүүхэд унагаадаг гэдгээрээ алдартай багш болж таарлаа. Би ч дотроо — энэ багшийн хичээлийг хэзээ ч авахгүйдээ гэж бодсоор дотуур байрлуугаа алхав. Хоёрдох семестэрээ зайлшгүй шаардлагаар өнөөх багшийнхаа Quantitative methods хичээлийг авж таарав. Тэр хичээл минь их сонирхолтой, ойлгохгүй зүйл ихтэй хичээл байв. Сониуч зандаа хөтлөгдөн нөгөөх багшаасаа их айсан маягтай боловч хичээлийн дараа баахан асуулт асуув. Заримдаа намайг стрессдүүлдэг ч хааяа нэг надад тус болдог зан бол юмны хариултыг олох гэж хичээдэг зан. Энэ зан маань багшид таалагдсан бололтой багш намайг их найрсагаар сонсон хариулт өгсөн. Тэр цагаас хойш өнөөх сүрдмээр багш чинь бага багаар миний дуртай багш минь болсон. Би багшийн өрөөнд байнга л ордог, орох бүртээ хамгийн багадаа нэг цаг, хоёр цаг заримдаа бүүр гурван цаг ч сууна.
Надад маш их зөвлөгөө өгч, намайг олон сайн зүйлс рүү чиглүүлж өгсөн ачтан учираас би их баярладаг. Одоо бодоход багшийн өрөөнөөс гарахдаа заавалчгүй ямар нэгэн зүйлийг ойлгосон, зорилгоор дүүрэн гардаг минь надад маш их урам өгдөг байсан. Семестрийн сүүлд багш надад судалгааны ажил цуг хийх санал тавив. Би ч их баярлан саналыг зөвшөөрлөө. Бүтэн семестрийн турш хийсэн судалгааны ажилаа дуусгаад New Orleans хотод болсон Бизнес Cудалгааны Xуралд (Academy of Business Research Conference) судалгаагаа танилцуулаад Америкийн их сургуулиадын оюутан багш нар судалгааг ямар нарийн гүнзгий түвшинд бэлтгэдгийг ойлгосон. Хэрвээ би тэр өдөр сониуч зандаа хөтлөгдөн багшаас асуулт асуугаагүй, дуугүй явсан бол надад боломж хэзээ ч олдохгүй байсан байх. Сониуч зан гэдэг үргэлж төсөөлөөгүй зүйлс, бодоогүй боломж руу хөтөлж байдаг мэт.
Howard C. Cutler “Аз жаргалтай амьдрах урлаг” гэх Далай ламтай ярилцлага хийн гаргасан номондоо Далай ламаас “Бясалгал болон залбирал таны өдөр тутмын амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ?” гэж асуухад Далай лам хэсэг хугацаанд дуугүй сууснаа,
“Миний туршлага өчүүхэн хэдий ч, надад тохиолдсон өөрчлөлт бол Буддизмын сургаалиар явснаар сэтгэл минь маш тайван болсон. Гэхдээ энэ өөрчлөлт нэг дор ирээгүй, бага багаар ирсэн” гэж хариулсан.
Далай лам нь одоогийн бурханы шашны тэргүүн авч өөрийгөө би бол хамгийн дээд тэргүүн гэдэг нүдээр бус даруу суралцагч гэх нүдээр харан одоо ч мөн суралцаж яваа нь нэгийг бодогдуулмаар.
Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил дунд хүмүүжиж буй манай нийгэмд аюулгүй орчинд сурах боловсрох боломж аль ч үеээс их юм. Өөрийн мэдэх зүйлдээ ханан цэг тавилгүй аливааг илүү сониучаар харан шинийг суралцах, хийж бүтээх, үргэлж төлөв төвшинөөр өөрийн мэдлэгэд хандан аливаад суралцах нь бидэнд дутагдаж буй зан чанаруудын нэг билээ.
Хэдий их эрдэм сурна төдий чинээ өөрийгөө юу ч мэдэхгүйгээ ухаардаг нь бүх зүйлийн эхлэх цэг мэт.