Өөрийгөө Хөндлөнгийн Нүдээр Ажиглах

Бясалгал

Sanjka Mandakh
2 min readJul 22, 2019

Сошиал ертөнц, стресс, хүмүүсийн хүлээлтүүд дунд хүлэгдсэн бидний амьдралдаа хийж болох маш том хөрөнгө оруулалт бол бясалгал. Бясалгалыг зөвхөн лам нар хийдэг, ямар нэгэн шашны үйл хэрэг гэх мэтээр ташаа бодох нь нийтлэг алдаа. Хэн ч бясалгал хийж чадах ба бясалгал нь стресс бууруулах, анхаарал төвлөрөл сайжруулах, аз жаргалын түвшинг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн эерэг үр дагавартай.

Та өөрийнхөө юу мэдэрч буйг хэр сайн ойлгодог вэ?

Нэг өдөр арван жилийнхээ багшаас — Хүн юунаас үүссэн гэж боддог вэ гэж асуув. Багш хариуд нь— хүн юунаас үүссэн гэдэгээс илүү би хэн бэ гэдэгт хариулт олох нь чухал гэж хэлэв. Тэр орой нь өөрөөсөө — би хэн бэ? гэж асуугаад хариултыг нь олоогүй. Сонин байгаа биз. Энэ цагаас хойш энэ асуултын хариултыг олох гэж олон төрлийн зүйл оролдож эхлэв. Эдгээрийн нэг нь бясалгал байлаа.

2016 оны зургадугаар сард бясалгалын хамгийн хүнд төрөлүүдийн нэгд тооцогдох Випашяна бясалгалд явахаар болов. Арван хоногийн турш үргэлжлэх энэхүү бясалгал нь Найрамдлын ойролцоох уулын аманд үргэлжилсэн. Бясалгалын эхний өдөр хүн бүрийн утсыг хураан аван хүнтэй юм ярихгүй, ном уншихгүй, хүний нүд рүү эгцэлж харахгүй зэрэг хатуу дүрэмүүдийг хэлэв. Бүхэл бүтэн 10 өдөрийн турш зөвхөн бясалгалаа хийх ба анхаарал зөвхөн өөр дээр төвлөрөх ёстой байв.

Тухайн үед хүндрэлтэй зүйлс их гарч байсан. Зуны халуунд хоёр гурван цаг хөдөлгөөнгүй суухаас авахуулаад олон бэрхшээл тулгарав. Гэвч арван хоногоо дууссаны дараа ойлгосон зүйлс нь энэ богинохон хугацаанд өөр хаанаас ч авч боломгүй сонирхолтой зүйлийг ойлгож авсан байлаа.

Өөрөөсөө үнэнийг олж нээнэ гэдэг хамгийн үнэ цэнэтэй үнэн.

Бясалгал нь анхаарлаа ажил, хичээл дээрээ төвлөрүүлэх, бодитойгоор сэтгэх зэрэг олон талын эерэг нөлөөтэйг эрдэмтэд нотолсон байдаг. Сэтгэл хөдлөлөө ажиглах, яагаад гэсэн асуултыг асуух, өөрийгөө бага ч болтугай хөндлөнгөөс ажиглахад бясалгалын үзүүлэх нөлөө их.

Байнга завгүй явахад хэдхэн минутыг зөвхөн дотоод ертөнцөө ажиглахад зориулах нь оюун санааны асар их амар амгалан. Дэлхийн шилдэг их сургуулиуд болох Harvard, Stanford, Boston — ын их сургуулиуд нь бясалгалын тухай сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байгаа ба бясалгал хийдэг оюутнуудын сурлагын дүн нь бусад оюутнуудаасаа илүү өндөр байх хандлагатайг тогтоосон байна. Boston — ын их сургуульд мэдрэлийн шинжлэх ухаанаар сурдаг Desbordes гэх оюутан нь бясалгал хийж эхэлсэн цагаас авахуулан өөрт гарсан олон үр дагаварыг ажиглан бясалгал стресс бууруулдаг мөн зөвхөн бясалгал хийж байх үед анхаарал төвлөрөл сайн байх бус бясалгал хийсний дараахь үеүдэд ч анхаарал төвлөрөл сайн байдаг хэмээн хэлсэн байна. Мөн Английн 370 гаруй арван жилийн сургуулиуд бясалгалыг хичээлийн програмдаа нэвтрүүлээд байгаа билээ.

Тэгэхээр яаж бясалгал хийх вэ гэж бодож байгаа хүмүүс дараахь зүйлсийг анхаараарай:

  1. Биеийн ямарч байршилаар бясалгалыг хийж болно (сандал дээр сууж байхдаа, хэвтэж байхдаа)
  2. Богино хугацаагаар өдөр болгон бясалгалаа хийн өөртөө дадал болгох нь хамгийн чухал.
  3. Хэрвээ багштай эхлэх нь дээр гэж бодвол Headspace апп — г ашиглаж болно. Энэхүү апп нь 3, 5, 10, 20 минут гэх мэт сонголттой, анхлан суралцагч нарт зориулсан.
  4. Эхний хэдхэн удаагийн оролдлогоор маш том өөрчлөлтийг харах боломжгүй. Ямар ч зүйл бага багаар өөрчлөгдөж, амжилтанд ч бага багаар хүрдэг.
  5. Бясалгалаа хийгээгүй үедээ өөртөө хатуурхах хэрэггүй. Өөрийгөө хэт их зэмлэх нь ямар ч үед сөрөг үр дагаварыг авчирдаг. Бясалгалаа өнөөдөр хийж амжаагүй ч гэсэн маргааш гэдэг өдөр байгааг хэзээ ч битгий мартаарай.

--

--

No responses yet